Нийтэлсэн огноо: 2025-09-09
Улаанбаатар хотод шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250 мянган метр.куб ус боловсруулна. Улмаар төв цэвэрлэхээс гарах лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулаад байна. “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү төсөл нь жилд 511 мянган тонн лаг болон 18 мянган тонн ахуйн хог хаягдлыг боловсруулж, Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лаг, хог булшлах талбайн ахуйн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх юм. Тус төсөл 2025-2027 онд нийт 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд барилга угсралт болон ашиглалтын шатанд ажлын байр нэмэгдэж, хотын байгаль орчны нөхцөлийг сайжруулан, иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн лагийн нөөцийн эрчим хүчийг ашиглах уг төслийг хэрэгжүүлснээр одоогийн бохир ус цэвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагааны ачааллыг бууруулж, шинэ төв бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лагийн боловсруулалтыг шийднэ. Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулахад үр өгөөжөө өгөх юм.
Лаг хатааж, шатаах үйл явц
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоосууд