Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсэн суралцаж байна.

Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсэн суралцаж байна.

Нийтэлсэн огноо: 2025-09-01

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллана. Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135.582 хүүхэд цэцэрлэгт суралцана. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж байна. Харин нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 155, нийт 326 ЕБС үйл ажиллагаа явуулж, бага ангид 189.634, дунд ангид 145.652, ахлах ангид 76.987, нийт 412.273 хүүхэд суралцана. Эдгээр сургуульд 25100 орчим багш, ажилтан ажиллана.

Үүнээс 1 дүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсэн суралцаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/350, А/398 дугаар тушаалуудаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаа 34-37 долоо хоног үргэлжилнэ.

Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. 2025-2026 оны хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн нийт 296 автобусаар сурагчдад үйлчилнэ. Үүнээс төрийн өмчит 5 ААНБ, алслагдсан 3 дүүргээс 76 сургуулийн 60 чиглэлд 62 автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна. Харин өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн автобусны үйлчилгээнд 82 сургуулийн 66 автобус 66 чиглэлд 13.200 гаруй хүүхдийг тээвэрлэсэн байна. Сургуулийн автобусны техникийн хяналтын үзлэг, оношилгоог наймдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2025 онд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 19.300 хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаж,  7 хоногийн 2-3 өдөрт сүү ууж байна. Түүнчлэн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 5 сургуулийн 5862 хүүхдэд 7 хоногийн 1-2 өдөрт сүү өгдөг. Ийнхүү 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 18 сургуулийн 25.162 хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС