Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ.

Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ.

Нийтэлсэн огноо: 2025-04-30

Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системд 2025 онд хийхээр төлөвлөсөн дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Техник технологийн хэлтсийн дарга Б. Эрдэнэбаяраас тодрууллаа.“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас энэ онд нийт 23 байршилд ф300-800 мм голчтой 14 км  дулааны шугам, тоноглолыг өргөтгөх, шинэчлэн солих болон шинээр угсарна. Тодруулбал, “УБДС” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 6 байршилд, Дэлхийн банкны санхүүжилтээр 8 байршилд, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр 1 байршилд, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 байршилд, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 байршилд дулааны шугам сүлжээг шинэчилж, өргөтгөх юм.

Тухайлбал, “УБДС” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 11е магистралийн дх1113– дх-1118 цэгийн хооронд 2ф800 мм голчтой 197 метр хос шугамыг хэсэгчлэн шинэчлэн солино. Тус шугамыг 1986 онд ашиглалтад оруулсан бөгөөд 2017-2021 онуудад гулсах тулгуур цөмрөх, гагнуурт гэмтэл гарч засварлаж байжээ. 2020, 2021 онд ЭХХТ-ийн металл шинжилгээний лабораторид хийсэн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэж гарсан. Тиймээс энэ жил шинэчилнэ. Тус шугамыг шинэчлэн сольсноор гэнэтийн аваар саатал гарч хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр таслах, ус буулгах, дүүргэх буюу их хэмжээний дулааны энергийн үргүй зардал гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Техник технологийн хэлтсийн дарга Б. Эрдэнэбаяр хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС