Мэдээллүүд

Хэвлэх

ЛААГАНЫ ГУДАМЖИЙГ АНКАРАГИЙН ГУДАМЖТАЙ ХОЛБОХ 2 УРСГАЛТАЙ ЗАМЫГ БАЙГАЛИЙН ЧУЛУУГААР ХИЙЖ БАЙНА

Бичсэн Super User on . Posted in Мэдээ

Улаанбаатар хотын “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ийнхэн 2014 оны 4 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөж байгаа уулзвар, замын ажилтай танилцлаа.
Ажлын хэсгээс санаачлан Лааганы гудамжийг Анкарагийн гудамжтай холбож, Бишрэлт зочид буудал, Зоос гоёлын уулзвар болон тухайн хэсгийн хороолол дунд үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 270 метр чулуун замыг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Ажлын хэсгийн ахлагч Н.Гантөмөр, “Хороолол дундах замыг байгалын чулуугаар хийх нь  жолооч нарыг хурд хэтрүүлэхээс сэргийлдэг учраас замын хөдөлгөөний аюулгүй байдалд маш чухал нөлөө үзүүлдэг. Энэ зам ашиглалтад орсноор “Зоос гоёл”-ын уулзварын ачаалал 10 орчим хувиар буурна гэж ажлын хэсгийхэн тооцож байна” гэлээ. Бишрэлт зочид буудлын урдуур Анкарагийн гудамж руу орох тус зам нь 2 урсгалтай байх бөгөөд ажлын явц 90 гаруй хувьтай, 4 дүгээр сарын дундаас хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа юм.
Ажлын хэсгийхэний дараагийн очсон газар бол Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр,  Цэцэг төвийн уулзвар байлаа. Гудамж төслөөс Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудтай холбосон 0.45 км шинэ зам барихаар төлөвлөж, зураг төслийг гаргажээ.
Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбох энэхүү зам ашиглалтад орсноор Цэцэг төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх юм. Энэхүү замын ажлыг 5 сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа” Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Б.Батболд хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.